Г.Наранзул (нас 19)

Бүшидо
Ази тивийн нэгэн тод наран бол “Арлын орон Япон” билээ. Эрт үеийн арвин түүх ихтэй, дундаршгүй их соёл, ёс заншилтай Япон орны хөгжлийн гол үндэс, тулгуур нь яахын аргагүй самурайн соёл юм. Тэгвэл самурайн салшгүй нэг хэсэг болох Бүшидо гэж чухамдаа юу вэ?
Бүшидо нь бүши буюу дайчин, до буюу зам гэсэн хоёр үгнээс бүрдэх бөгөөд энэ нь самурайн ёсон, зам мөр, өөрөөр хэлбэл самурайн өдөр тутмын амьдрал, ажил хэрэгтээ сахих ёстой ёс жаяг, дүрэм журмыг хэлж байна. Үүнийг зөвхөн самурайн анги давхарга бус Японы нийгмийн бусад давхаргын хүн бүхэн даган мөрдөж байсан тул бүшидог Япон үндэстний ёс зүйн цогц гэж хэлдэг бөгөөд тэдний амьдралын бүхий л талыг нь чиглүүлэн залдаг байна.
Миний бодлоор бүшидо нь өөрийн шинж чанар, үнэт зүйлсээрээ тодорхой хэдэн зүйлстэй адилхан юм.
Бүшидо бол Их засаг хууль. Монгол улсын хууль дүрмийн үндэс суурь болсон Их засаг хууль бол монголчуудын түүхэн уламжлалт хэв ёсны үндсэн дээр бүрэлдсэн, бүх монголчуудын дээдлэн хүндэлдэг байсан хууль дүрэм билээ. Бүшидо бол үүнтэй л адил япончуудын, тэр тусмаа самурайн дээдлэн хүндлэх дүрэм журам юм. Их засаг болон Бүшидо нь тус бүр өөр өөрийн онцлогийг агуулсан боловч хоёул тухайн орныхоо хөгжин дэвшиж, хүчирхэг улс гүрэн болоход гол үүрэг гүйцэтгэсэн үнэт зүйлс нь билээ.
Бүшидо бол Ариун судар. Судар номонд хүн төрөлхтнийг сайн сайхан зам руу нь хөтөлсөн халуун дулаан сэтгэл, итгэл үнэмшил харамгүй багтсан байдаг. Үүнтэй л адилаар Бүшидо нь япончуудыг сайн сайхан гэрэлт зам руу чиглүүлж, өрөвч нинжин сэтгэлийг түгээсэн байна. Сул доройтон, хүч дутууд хандах нинжин сэтгэлийг бүши хүний сайхан чанар хэмээн үздэг. Бүшидо оршин тогтносоор магадгүй Япон хүний өрөвч сайхан сэтгэл урсан гарч ирсэн байж мэдэх юм.
Бүшидо бол Сакура. Энэ орчлон дээр түм буман цэцэгс байдаг ч Япон ард түмний хувьд цэцэгсийн дээд нь сакура. “Бүшидо нь Япон үндэстний бэлгэ тэмдэг болсон сакура цэцгийн адилаар Япон оронд л тохирох цэцэг” гэж номын зохиолч нь хэлсэн байдаг. Тийм ээ, Бүшидо нь өөр ямар ч оронд дэлгэрээгүй, Японд л дэлгэрсэн “цэцэг”. Үүнийг мэдэхгүй нэгний хувьд байдаг л нэг цэцэг боловч тухайн улсын хувьд хамгийн үнэ цэнтэй “цэцэг”.
Бүшидо бол Эр зориг. Самурайн тэсвэр тэвчээр, эрэлхэг зан чанар, эр зоригтой маргах хүн үгүй болов уу. Тэднийг ийнхүү хүмүүжүүлж, жинхэнэ баатар болгоход бүшидо л гол үүрэгтэй байсан. Бүшидо нь өөртөө эр зоригийг агуулсан бөгөөд түүнийг эрхэмлэн дээдэлсэн, даган мөрдсөн, түүний замналаар явсан хүмүүс л эр зоригт нэгэн болдог гэж би бодож байна.

Аливаа улс бүхэн хөгжин дэвшихийн төлөө тэмүүлж байдаг. Миний бодлоор Бүшидогоос авах зүйл дэндүү олон юм. Тиймээс энэ дэлхийн улс бүр өөрсдийн “бүшидо”-г бий болгож, өдөр тутамдаа түүнийгээ баримтлан сахиж чадах аваас хөгжлийнхөө түлхүүрийг атгасан хэмээн тооцоход буруудахгүй болов уу.

Comments

Popular posts from this blog

Мөнхсүхийн Биндэръяа (нас-16)

Хишигбуянгийн Оюунномин (нас 16)