Мөнхсүхийн Биндэръяа (нас-16)

Бүшидо
Япон соёлыг судалж  эхлээд тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж бодож байсан боловч хичнээн өнгөцхөн байсныг нь гэнэтхэн л ухаарах шиг боллоо. Хичнээн Япон загварын хувцсаар хувцаслаад ч, гадаад төрхийг нь дуурайж, хэлийг нь сурч Япон сэтгэлгээгээр сэтгэхийг зүтгэж Япон хүний хэмжээнд Япон орны соёлыг ойлгох мөрөөдөлдөө хүрэхийг хичээвч яахын аргагүй үргэлж л нэг ч алхам дутуу үлдэж, үл харагдах шилэн хананы цаана үлдээд байсан шалтгааныг сая л нэг ойлгон өмнө нь яагаад энэ тухай судалж үзээгүйгээ гайхан сууна. Магадгүй ярьж хэлэлцээгүй, бичиж тогтоогоогүй, нүдэнд үзэгдэж гарт баригдах бие үгүй боловч бүхий л Япон соёлын цаад үндэс зангилаа болон гагнагдсан, ёс заншилд нэвт шингэсэн үнэр учраас анзааран ойлгоход тал шигээ уужим, нурууд шигээ номхон ухаан надад дутжээ.
“Аюул болон гай зовлон нүүрлэхэд огт сандралгүй байж, амьдралын төгсгөлд гутралгүй үхлийг амгалан угтах сэтгэл”,”Үгээр илэрхийлэхийг давсан сэтгэлгээний бэлчирт бясалгалын ачаар өөрийгөө олох гэсэн хүмүүний чармайлт”,”Эзэн ноёндоо үнэнч сэтгэлээр зүтгэх, өвөг дээдэстээ хүндлэл биширлээр хандах, түүнчлэн эцэг эхийн өмнө хүүхдийн хүлээх үүрэг” хэмээх үндсэн гурван түлхүүрийн уг дээр тогтон буй, эдүгээгээс жаахан эрт үед дөрөвдүгээр сарын сакура цэцэг шиг дэлгэрэн байсан Япон үндэстний ёс зүйн цогц- Тиймээ, энэ бол Бүшидо. Бүшидогийн хамгийн гол чанар бол “Шударга ариун чанар” болно. 1850-д оны үеийн эзэн хааны ёсыг баримтлагч, гадаадынханд эх орноо нээхийг эсэргүүцэгч нарын нэг Маки Изүми нь шударга чанарыг араг ястай зүйрлэн “яс үгүй бол толгой их биедээ зөв суурилж чадахгүй” хэмээгээд  “Эв хавгүй, эв дүйгүй байсан ч Шударга зөв байж чадах л юм бол бүши болоход хангалттай” гэжээ. Мөн түүнчлэн энэхүү гайхалтай баялаг ёс заншилд эр зориг болон тэсвэр хатуужил, нинжин бөгөөд өрөвч сэтгэл, эелдэг зан, бодит болон чин үнэн, нэр төр , урвашгүй сэтгэл, өөрийгөө удирдах гэх мэт маш олон үнэт чадварууд бүгдээрээ цайны навч, эмийн тунг тааруулах мэт нарийн хэмжээгээр харилцан зохилдож ёс зүйн гайхалтай цогцыг бүрдүүлдэг аж.

Бүшидо ёс зүйг ихэвчлэн самурай нар буюу энгийн нийгмээс шигшигдэн шалгарсан шилдэг бүши нар дагаж мөрддөг байсан боловч одоо цагийн Япон соёлд ч Бүшидо хэм хэмжээ анхилуун үнэрээ түгээсээр буй. Түүхийн хуудсыг дахин сөхвөөс энэхүү ёс зүйн цогцыг амьдралынхаа эх үндэс болгосон самурайн нэг хэсэг нь яахин аргагүй сэлэм- самурайн сүнс болно. Дайн тулаан дуусч сэлэм ашиглах боломжгүй болсон өнөө цагт ч сэлмийг хүндэтгэх Япон ёс зүй цагийн урсгалд уусалгүй хадгалагдан сэлмийн зам мөр буюу “Кендо” болон бидэнд уламжлагдан иржээ. Кендогоор хичээллэдэг найзынхаа “Кендод биеийн хүчний тулааны урлагаас илүүтэйгээр сэтгэлийн тэнцвэрт байдлыг зааж сургадаг” гэж хэлснийг одоо л ойлгож байх шиг санагдана.  Хэдийгээр ийм чухал зүйлийг ухааралгүй удсан ч “өчигдрийн надаас өнөөдрийн би хүчтэй” хэмээн найдсаар цаашдаа мэдэхгүй олон зүйлээ мэддэг болно хэмээн итгэл төгс энэхүү эссэгээ дуусгаж байна.

Comments

Popular posts from this blog

Г.Наранзул (нас 19)

Хишигбуянгийн Оюунномин (нас 16)